100 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ШУА-ИЙН ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ “ХУУРАМЧ ДИПЛОМ”-ТОЙ ЮУ? ​

100 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ШУА-ИЙН ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ “ХУУРАМЧ ДИПЛОМ”-ТОЙ ЮУ? ​
Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар ажиллаж буй Ж.Бат-Ирээдүйн Шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын диплом нь ОХУ-ын Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны албан ёсны бүртгэлд байхгүй, өөрөөр хэлбэл “хуурамч диплом” байгаа тухай мэдээлэл гарч эхэллээ. Энэхүү асуудлын талаарх зарим баримт ил болж, холбогдох байгууллагууд хариуцлага хүлээлгэх талаар ярилцаж байгаа бололтой. “Хуурамч диплом”-ын асуудал, сенсаацын эзэн Ж.Бат-Ирээдүйн намтар, түүхийг тодруулбал,  1998 онд Шинжлэх Ухааны Академид “Орчин цагийн Монгол хэлний ойролцоо утгат үгийн бүтэц, утга, үүрэг” сэдвээр Хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг (Ph.D), 2004 онд Оросын Холбооны Улс дахь Бельгийн “Дэлхийн мэдээлэл дамжуулах их сургууль”-д “Монгол хэлний ойролцоо утгын тогтолцоо” сэдвээр Хэл бичгийн ухааны докторын зэрэг (Sc.D) хамгаалсан хэмээн ихэд итгэл төгс байна.
Энэхүү бахдам намтрынхаа ачаар тэрбээр МУИС-ийн Гадаад хэлний тэнхим, Монгол судлалын лабораторид эрдэм шинжилгээний ажилтан, МУИС-ийн Монгол хэлний тэнхимд багш, Лондоны Их Сургууль, Кембрижийн Их Сургууль, Лийдсийн Их Сургуулийн Зүүн Хойд Ази судлалын тэнхимд зочин багш, МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнд багш, МУИС-ийн Монголын Судлалын Сургуулийн захирал, ХБНГУ-ын Лайпцигийн Их Сургуулийн Төв ази Судлалын Институтэд зочин профессор, Британийн номын санд зөвлөх зэрэг ажил хийж байсан бөгөөд өдгөө ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа ажээ.
Гэтэл 100 жилийн түүхтэй Судар бичгийн хүрээлэнгийн суурь болох Хэл зохиолын хүрээлэнг удирдаж буй эрхэм захирал Ж.Бат-Ирээдүйн намтар нь хуурамж, диплом нь хүчингүй байвал сургалт, судалгааны байгууллагыг хууран мэхэлсэн, судлаачийн ёс зүйг уландаа гишгэсэн ноцтой үйлдэл болох юм.
Бид уг асуудлыг үргэлжлүүлэн сурвалжилж, холбогдох баримтыг удахгүй дэлгэх болно.