3-р сар 29, 2024

ШАР МЭДЭЭ : YELLOW NEWS

МЭДЭЭ МЭДЭЭЛЛЛИЙН САЙТ

“Ур чадварын эрэлтийн судалгаа”-ны үр дүнг танилцууллаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-өөс “Монгол Улс дахь ур чадварын эрэлтийн судалгаа”-ны үр дүнг танилцууллаа. 

Тус яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт 2010 оноос хойш барометрийн судалгаа буюу хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны эрэлт, ажиллах хүчний хомсдолыг тодорхойлох судалгааг хийж, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангаж эхэлсэн. 

Энэ жилийн тухайд барометрийн судалгаанд хамрагдсан 21 аймаг, 9 дүүрэг, 18 эдийн засгийн салбарын нийт 2500 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын хэмжээнд дээрх төслийн санхүүжилтээр “Ур чадварын эрэлтийн судалгаа”-г анх удаа олон улсын зөвлөхүүдийн оролцоотойгоор нэмэлт модуль болгон хийж, Монгол Улсын ажиллах хүчний ур чадварын дутагдал, түүний шалтгаан, үр нөлөөг тодорхойлон цаашид хийх арга хэмжээний зөвлөмжийг боловсруулнаараа чухал онцлогтой байлаа. 

Судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, ХНХЯ, БШУЯ болон Дэлхийн банкны холбогдох албаны хүмүүс, эзэд, үйлдвэрчний байгууллагын төлөөллүүд, мэргэжлийн зөвлөл, холбоод, сургалтын байгууллагууд, эрдэмтэн судлаачид оролцож, санал, дүгнэлтээ  хэлэлцүүллээ.

Судалгаагаар Монгол Улсын ажиллах хүчинд дутагдаж байгаа болон сайжруулах шаардлагатай ур чадварыг мэргэжилтэй ажилтан, мэргэжил шаардахгүй ажлын байранд ажиллаж байгаа ажилтан тус бүрээр тодорхойлж, ур чадварын зөрүүг багасгах бодлогын зөвлөмжийг санал болгосон. Түүнчлэн ур чадварын хангалтгүй байдал нь аж ахуйн нэгж, байгууллагуудад ямар сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа вэ, ур чадварыг сайжруулах талаар байгууллагууд хангалттай арга хэмжээ авч чадаж байна уу, боловсролын систем ур чадвартай ажилтныг бэлтгэж чадаж байна уу зэрэг асуултыг хариуг судалгаагаар нотолж танилцуулсан нь бодлого боловсруулагчид болон хөдөлмөрийн зах зээлд оролцогч бүх талуудад чухал ач холбогдолтой мэдээлэл болж байна.