3-р сар 29, 2024

ШАР МЭДЭЭ : YELLOW NEWS

МЭДЭЭ МЭДЭЭЛЛЛИЙН САЙТ

Баримт: Үндэсний аудитор Д.Занданбат хандив нэрээр 20 сая төгрөгийн авлига авчээ 


Баримт: Үндэсний аудитор Д.Занданбат хандив нэрээр 20 сая төгрөгийн авлига авчээ 

Монгол улсын ерөнхий аудитор, Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат, Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал Ц Наранчимэг нар нь хандив нэрээр 20 сая төгрөгийн авлига авчээ. Монгол Улсад Төрийн хяналт- аудит үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор Үндэсний аудитын газар өнгөрсөн наймдугаар сард ойн баяр тэмдэглэсэн бөгөөд энэ үеэр хандив нэрээр авлигын чанартай үйл ажиллагаа явагджээ.

Тодруулбал, аудитын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 57 байгууллагыг хамруулан байгууллага тус бүрээс 500 мянган төгрөгийн хандив цуглуулсан байна. Ингэхэд нийт 27 сая төгрөг цугларсан бөгөөд үүний 20 сая төгрөгийг бэлнээр Үндэсний аудитын газрын дарга буюу Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатад бэлэглэжээ. Харин үлдсэн долоон сая төгрөгийг нийслэлийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргалд бэлэглэсэн байна. Бэлэн мөнгөөр бэлэг барьсан нь доорх гэрэл зурагт баталгаажин үлдсэн гэдгийг хандив нэрээр мөнгө цуглуулсан, хураалгасан зэрэг эх сурвалжууд баталж байна. 

Хэдийгээр “хандив” гэх нэртэй ч энэ нь авлигын шинж чанартай үйлдэл болж байна. Учир нь мөнгө хураалгасан хувийн хэвшлийн аудитын байгууллагууд төрийн аудитын байгууллагаас “ажил авдаг” ба дээрх хандивыг өгснөөр “ажил авах” зам нь шулуудах хөшүүрэг болох боломжтой юм. Өөрөөр хэлбэл, төрийн ажил үйлчилгээг хуульд нийцсэн журмаар явуулах ёстой байтал ийнхүү “хандив” нэрээр мөнгө өгч, амар хялбар аргаар буюу ижил үйлчилгээ явуулдаг байгууллагаас давуу эрхтэйгээр үйл ажиллагаа явуулах арга зам хайж байгаа үйлдэл болж байна. Энэ авлигын чанартай үйлдэлд нь харин Үндэсний аудитор болон нийслэлийн Аудитын газрын дарга нар “үгүй” гэсэнгүйгээр үл барам “чимэглэн” боосон бэлэн мөнгийг өмнөө тавьж, ийнхүү баяр хөөр болон гэрэл зургаа даруулцгаажээ.

Аудитын байгууллагын үндсэн чиг үүрэг нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой. Өөрөөр хэлбэл, хандив нэрээр бэлэн мөнгө бэлгэнд авч байгаа нь төсвийн тухай хууль, хэмнэлтийн тухай хууль, шилэн дансны тухай хуулиудыг тус тус зөрчиж байна. Д.Занданбат, М.Энхжаргал дарга нар үнэхээр “салбарын ой”-н хүрээнд цугларсан хандив авсан юм бол тухайн хандивын мөнгийг байгууллагынхаа “Шилэн данс”-нд тусгаж, зарцуулалалтаа тайлагнах ёстой байлаа. Гэвч аудитын байгууллагын шилэн дансны хандив цэсэнд дээрх 27 сая төгрөг огт багтаагүйгээс үзвэл тухайн мөнгийг авлига хэмээн үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй хамгийн том байгууллагынх нь дарга нар ийнхүү авлига авч байгаагаа ил тод харуулж байхад Авлигтай тэмцэх газар, Улсын их хурал хэрхэн анхаарч, шалгаж, хариуцлага тооцохыг харах л үлдэж байна. 

эх сурвалж: цахиур.мн