“Монгол Ураниум Ресурс” дээдсийн булшийг хөндсөн үү?

“Монгол Ураниум Ресурс” дээдсийн булшийг хөндсөн үү?

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынхны хэдэн үеэрээ тахиж шүтэж ирсэн тахилгат Зотол хан хайрхан 2009 онд уран лиценз нэрээр Францын “Арева-Кожеговь” компанийн мэдэлд орсон байдаг. Лицензийн наймаа явсаар сүүлд Монгол Ураниум Ресурс компани эзэмших болж уран бус нүүрсний хайгуул олборлолтын чиглэлээр ашиглаж байгаа гэх мэдээлэл гарах болсон.

Гэвч нутгийн иргэдийн дунд тус компанийг  нүүрсний хайгуул, олборлолт хийх нэрээр уран хайх, олборлох үйл ажиллагаа явуулаад байна уу гэсэн хардлага байгаа юм. Энэ ч үүднээс тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүнд хандаж Ерөнхий сайд, Шадар сайдад асуулга тавиад байна.

Үүний зэрэгцээ бас нэг эргэлзээтэй асуудал үүссэн нь “Монгол  Ураниум Ресурс” –ийн уурхайгаас 800 м  хүрэхгүй тойрог дотор буюу Зотол хайрханы энгэрт  Чингис хааны домог түүхтэй холбогддог эртний долоон булш, бунхан, хэрэм байсан олон тооны  үлдэгдэл оршиж байдаг. Энэ нь тус компани ихэс дээдсийн булш бунханыг хөндсөн үү, булш ухаж тоносон юм биш биз  өөр нэг хардлагын сэжүүрийг бий болгоод байна.

Зотол хан уул нь Дарьгангын талархаг нутагт байдаг 222 галт уулын нэг бөгөөд дөрөвдөгч галавын үед оргилж байгаад унтарсан,шовгор хэлбэрээ авч үлдсэн өвөрмөц тогтоцтой.  Намрын цагт их  тахилга хийж байсны ул мөр  Зүрх овоон дээр хуучин бичгээр  "Га" үсгийг  сийлсэн байдаг. Таван булшны тал хэмээж  байсан энэ газрыг мөн   Хуурчдын Тохойн хийдийн буйр булшин тал ч гэж нэрлэдэг. Энэ нутгаас төрж гарсан шашны  номд  гүнзгий нэвтэрсэн хувилгаан   Х.Лувсан, Г.Диваасамбуу, Н.Игнэн, Дамдинбишрэлт, Егүзэр хутагт, С.Марийва нар Тохойн хийдэд шавилан суудаг байсан түүхтэй. Эдгээр эрхмүүдээс  Егүзэр хутагтын  авч явсан шашны Гарамба урсгалыг үргэлжлүүлсэн цорж лам  Г.Диваасамбуу  Гандантэгчинлэн   хийдийг байгуула­хад ихээхэн үүрэг гүйцэтгэж, нутгаасаа таван тэрэг ном, судар авчирснаа өр­гөл болгосны зэрэгцээ  бүтээн байгуу­лалтын ажилд  нь  зүтгэж,  мөргөлийн дугантай болгох ажлыг  гардан зохион байгуулж,   шашны дээд сургуулийг үүсгэн байгуулалцаж, 1970 оноос хойш тус сургуулийн хичээлийн   болон  лам нарын  байрыг  удирдаж бариулсан юм. Мөн   1960 онд бүх аймгийн сүм хийдэд очиж газар дээр нь танилцаж сүм хийдтэй болох их ажлыг эхлүүлсэн түүхтэй. Тэрбээр амьд сэрүүн байхдаа нутагтаа жил бүрийн намар очиж, Таван булшны  аргадан тайдаг  байсан бол өдгөө үр хүүхдүүд нь энэ уламжлалыг үргэлжлүүлэн авч явдаг. Баруун хуучид хошууны Мэргэн хамбын V  дүр Х.Лувсан,  Маам ламтан хэмээн хүндлэгдсэн  Н.Игнэн нь 33 шаврангийн нэг, Цагаан эргийн  гол, Даамайн голоор нутаглаж байсан түүхтэй.

Ийм үүх түүхтэй газар нутаг атал Монгол Ураниум Ресурс компани нутгийн иргэдийн шүтлэгт уул усыг  үл хүндэтгэж, байгаль орчныг илт доройтуулан тус газарт 12 шон босгосон байна. Өнгөрсөн зургадугаар сарын 18-нд  иргэдийн шаардлагын дагуу сумаас томилогдсон  ажлын хэсэг очиход хайгуул гурван хэсгийг үзүүлээд бусдыг нь үзүүлээгүй. Зургадугаар сарын 28-нд аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч очиход хайгуулын нэг л хэсгийг үзүүлсэн. Наймдугаар сарын 3-нд ажлын хэсэг очиход мэргэжлийн хяналтын байцаагч нь “би үзсэн” хэмээн худал хэлж үзүүлээгүй. Таван булшны тал газар нь Эрдэнэцагаан сумын түүхт газар. Түүх сурвалжид  “Онгон тэнгэр сүр жавхлант Цогбадрах уул, Чингисийн язгууртны сүлдэн уул хэмээн тэмдэглэгдсэн, далайн түвшинээс дээш 1,425 метрт оршдог. Зотол хан уулыг хөндөх ёсгүй. Энэ  газрыг   тусгай хамгаалалтаас гаргаж болохгүй” хэмээн “Уул уурхайгүй Эрдэнэцагаан” ТББ-ын гишүүд,  нутгийн иргэд хэлж  байна.

Эх сурвалж: www.polit.mn