“Монголын эрх ашигт халгаатай бол саналаас татгалзах эрхтэй"

“Монголын эрх ашигт халгаатай бол саналаас татгалзах эрхтэй"

“Рио Тинто” групп нь “Туркойс Хилл Ресурс” компанийн нийт энгийн хувьцааны 51 орчим хувийг эзэмшдэг. Үлдсэн 49 хувьд ногдох хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдээс худалдан авах албан ёсны саналаа тус компанийн ТУЗ-д хүргүүлснээ өчигдөр /2022.03.14/ мэдэгдсэн. Энэхүү санал хэрэгжсэнээр Оюутолгой төслийн 66 хувийг “Рио Тинто” групп шууд эзэмших бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшилд ямар нэг өөрчлөлт орохгүй гэдгийг тодотгоод буй. Одоогоор уг саналтай холбоотой аливаа эцсийн тохиролцоонд хүрээгүй бөгөөд ажил хэрэг болгоход хугацаа орох төлөвтэй байгаа юм. Хэрэв энэхүү санал ажил хэрэг болбол Монгол Улсад ямар нөлөө үзүүлэх талаар эдийн засагчдын байр суурийг хүргэе.


"МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГТ ХАЛГААТАЙ БОЛ САНАЛААС ТАТГАЛЗАХ ЭРХТЭЙ"

Эдийн засагч Б.ЭНХ-АМГАЛАН: 

-“Оюутолгой” ордын Монгол Улсад үзүүлж буй үр нөлөө өндөр. Уг төслийг хэчнээн үгүйсгэсэн ч эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж байгаа уул уурхайн томоохон охин компани тул бид дэмжих л хэрэгтэй. Харин гэрээтэй холбоотой засч залруулах үйл ажиллагааг улс төрийн хүрээнд шийдвэл эдийн засагт үзүүлэх үр ашиг нь илүү нэмэгдэнэ. Цаашид нөхцөл байдлыг харж татварын хэмжээг нэмэгдүүлэх тал дээр улс төрийн хүрээнд шийдвэрлэх байх. Харин “Рио Тинто” групп нь “Туркойс Хилл Ресурс” компанийн 49 хувьд ногдох хувьцааг худалдан авснаар Монгол Улсад томоохон нөлөө үзүүлэхгүй, Засгийн газрын хувь эзэмшилд өөрчлөлт орохгүй болов уу. Учир нь 34 хувийг Монгол Улс эзэмшдэг, 2.3 тэрбумын өрийг тэглэсэн. Ийм тохиолдолд Монгол Улсын эрх ашгийг хөндөх талаас оролцохгүй болов уу. Тодорхой саналуудыг Засгийн газарт тавьж болох ч дотоодод Монгол Улсын эдийн засгийн эрх ашиг хөндөгдөж байна уу гэдгийг харах хэрэгтэй.

Хэрэв Монгол Улсын эдийн засгийн эрх ашигт халгаатай бол “Рио Тинто” группээс тавьж буй саналыг хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй. Магадгүй “Рио Тинто” групп нь “Туркойс Хилл Ресурс” компанийн үлдсэн 49 хувьд ногдох хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдээс худалдан авах албан ёсны санал гаргасан нь эрх ашгийн зөрчилтэй байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ олон улсын хууль, дүрмийг зөрчөөгүй тохиолдолд Монгол Улсын худалдан авах үйл ажиллагаанд хортой байна гэж дүгнэх, хориг тавих боломжгүй. Монголын талаас мэргэжлийн экспертүүд томилогдож худалдах, худалдан авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд зөв шударга байгаа эсэхийг тогтоох хэрэгтэй болно. Хоёрдугаарт, Монгол Улсад худалдан авах үйл ажиллагааг “Рио Тинто” групп хийсэн бол цаашид Монгол  Улсад ямар эерэг болон сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдгийг зайлшгүй судлах хэрэгтэй. Түүнээс биш өнөөдрийн нөхцөлд эдийн засагт үзүүлэх үр нөлөөг дүгнэх боломжгүй. Маш сайн судалж, нөхцөл байдлыг дүгнэх хэрэгтэй болов уу.

Ерөнхийдөө гэрээнд зааж, хүлээсэн үүргийн дагуу бүх үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд "Оюутолгой" ордод нөлөө үзүүлэхгүй болов уу. Аль ч улсад  урт хугацаанд барьж буй бодлогыг өөрчлөөд байдаггүй.  

Ялангуяа их  хэмжээний хөрөнгө оруулалттай томоохон төслүүдэд өөрчлөлт оруулах нь эргээд хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигчдийн итгэлийг алдах нөхцөл байдал үүсдэг тул яарч гэрээний заалтуудыг өөрчлөхгүй болов уу. Энэ ч үүднээс мөнгө угаах, санхүүжүүлэх процессыг ФАТФ-аас хянаж байгаа. Тиймдээ ч Рио Тинто” группийн тухайд ил цагаан мөнгө угаахгүй болов уу гэж харж байна.

“ОЮУТОЛГОЙ” ТӨСЛИЙН ӨГӨӨЖИД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХГҮЙ"

Эдийн засагч Ч.ОТГОЧУЛУУ: 

-“Оюутолгой” төслийн өгөөжид сөргөөр нөлөөлөхгүй болов уу. “Рио Тинто” нь “Туркойс Хилл Ресурс”-ийг 100 хувь эзэмшиж эхэлснээр Монгол Улсын Засгийн газрын хувьд зөвхөн нэг том хөрөнгө оруулагчтай л хамтран төслийн удирдлагыг хэрэгжүүлэх болно. Ингэснээр аливаа шийдвэр хурдан, шуурхай, хялбар гарах боломжтой. Янз бүрийн сонирхол бүхий олон жижиг хөрөнгө оруулагчидтай нэгдсэн ойлголтод хүрэх нь цаг хугацаа шаардсан ажил гэдэг нь ойлгомжтой.

Ирээдүйд зэсийн үнэ ханш сайн байх өөдрөг таамаглал давамгайлж байна. Ийм үед уул уурхайгаар дагнасан том хөрөнгө оруулагч дангаараа үлдэж байгаа нь үндсэн үйл ажиллагаандаа төвлөрөх, санхүүжилтийн зардлыг хэмнэх боломж үүсгэнэ.

Мөн “Туркойс Хилл Ресурс” компани нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй. Монгол Улсыг дэмждэг олон санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулсан байсан. Гэвч популизмаас залхсан мэргэжлийн сангууд олноороо гарсан. Энэ нь манай хөрөнгө оруулалтын орчны нэр хүнд унасан байсныг илэрхийлэх шинж гэмээр байсан.

Гэхдээ зарим хөрөнгө оруулалтын сангууд зөвхөн санхүүгийн ашиг олох зорилготой байсан гэмээр харагддаг. Жишээ нь Монгол Улсын Засгийн газарт оногдох өрийг цайруулах нь төслийн мөнгөн урсгалыг өөрчлөх учир зарим нэг жижиг хөрөнгө оруулагчид эрс эсэргүүцэж байсан. Цаашид ийм бэрхшээлүүд арилах болов уу.

 Эрх ашгийн зөрчил гэдгийн тухайд “Туркойс Хилл Ресурс”  болон Рио Тинтогийн  аль аль нь олон улсын хөрөнгийн биржийн шаардлагад нийцэн ажилладаг. Тэдгээр биржүүд хяналт, зохицуулалт сайтай учир тиймэрхүүг зөрчил гаргахгүй. Дэлхийн том компани мега төсөлд шууд хувь эзэмших нь олон улсын бусад хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх боломжтой.

Эх сурвалж: news.mn