Орон зай, цаг хугацаагаа үүрээд залуу үе ирж байна...

Орон зай, цаг хугацаагаа үүрээд залуу үе ирж байна...

Залуус нэгдэв. Зам хазгай байгааг, заавар шийдвэрүүд шударга бус байгааг, эх орондоо амьдрахад хэцүү байгааг, эрх баригчид амьдралаас тасран хөөсөрч байгааг шүүмжлэв. Тэд бухимдлаа хүртэл гэгээн илэрхийлж, цөхрөлөө гэм хоргүй гаргаж, залуу насны өнгө, хандлагаараа гоёлоо. Цаг үе өөрчлөгдсөнийг, цаг үеэ үүрч яваа залуус ч бас өөрийн гэсэн туйлбартай, тууштай үзэл бодолтой болсныг энэ жагсаал харууллаа. Өнөөдөр сэтгэл, итгэлээрээ жагссан залуусын дунд нөгөө л танил улстөрчдийн, танил хөлсний жагсагчид, танил лоозонтойгоо, танил уур хилэнтэйгээ зогсож л байсан. Гэвч хамгийн сайхан нь залуусын олонх нь тэднийг, тэдний эздийг танихгүй...жагсаалын талбарт од болсон улстөрчид тод байгаад ч энэ цагийн залуус тэдэнд ах гэж далчиганахгүй, эгч гэж налчиганахгүй нь сайхан. Үүнийхээ хэрээр үл тоох нь сайхан, үгэнд автахгүй нь сайхан. Хэрэв энд аль нэгэн холбооны тэргүүн, хэн нэгэн парламентийн гишүүн харагдсан тохиолдолд залуус зайгаа авч, замаа нягталж, үүргэвчээ засч үүрээд, чихэвчээ чимээгүйхэн зүүгээд алхан одож байлаа. Энэ залуус дунджаар 20-25 настай. Тэдний хувьд 2017 онд огцорсон Элбэгдорж чухал бус, 2009 оныг хүртэл ноёрхсон Энхбаяр нэр төдий, тэр байтугай өнөөгийн 40-60 настай улстөрчдийн олонхийг мэдэхгүй. Учир нь тэд хүүхэд байсан. Тэдний хувьд нам дагасан холбоонд харъяалагдах нь хэзээ ч төсөөлшгүй тэнэг, дарга дагаж мөнгөтэй цүнх зөөх нь хэнээтэй өвөө нарын л хийдэг ажил, Хүрэлсүхийг шүтэн бишрэх нь хөөрхийлөлтэй, Баттулгыг алга ташин дагах нь дарамттай, Оюун-Эрдэнийн олон таавартай, олон дайсантай яриа ч онцолж сонсохооргүй онигоо цаашаа...түүнд тэд амаа ангалзуулаад байлгүй, ажлаа шударгаар хийхийг л санууллаа...ийм л үеийнхэн ингээд жагсаж байна. Эрх баригчдын удаа дараагийн чадамжгүй шийдвэрүүд, үнийн өсөлт, тэгш бус байдал, шударга бус хандлага, өр зээлийн өр өвтгөм түүхүүд, эдийн засгийн эвгүй тоонууд, Засгийн газрын гишүүдийн боловсрол доогуур байдал, төсвийн бодлогогүй хуваарилалт, татварын дарамт...залуус энэ бүх асуудлыг хөндөн гаргаж тавьсан. Монгол орны өнөөгийн нөхцөл байдал, засаглалд нүүрлэсэн бодлогын хямрал, эдийн засагт үүрлэсэн өр зээлийн хярамцагийг шүүмжлэн, бүгдийн өмнөөс жагссанд бүүр их баярлалаа, залуус аа. Тэд үзэл санаагаа илэрхийлээд, үүнээс гаргаж өгөхийг л хүссэн. Хэн нэгний огцролтыг бус, зөв бодлого, зөв залуур, зөв чиглэл, зөв замыг хүсч буйгаа хэллээ. Энэ залуусын эх орныг удирдахын тулд эрх баригчид өөрсдөө боловсрох цаг иржээ. Мөнгөөр жагссан гэж тэднийг бүү гутаа, хөлсөөр хөдөлсөн гэж бүү гундаа. Хөлсний цөөн хүн байсан л байх, хөлхөхөөс хэтэрсэнгүй. Өнөөдрийн жагсаалын агаар тэднийх биш байлаа. Өөр цаг үеийнхэн өөрийн эрхгүй түрж орж ирлээ. Мөнгөөр арилжишгүй, өнгөөр хэмжишгүй залуу үе орон зай, цаг хугацаагаа үүрээд ирж байна. Тэднийг хөлсөөр жагссан гэж шүүмжил, энэ чөлөөтэй, гэхдээ цэл залуу үеийнхний маань жагссан шалтгаанууд хэвээрээ үлдэнэ гэдгийг л сана. Нэг л зүйлийг хэлэхэд харанхуйтай уралдаад жагсаалын өнгө, зорилго хоёр огцом харладаг шүү, ах нар аюултай, ар гэртээ хурдхан харих болтугай. Амьдралын үнэн бол тэд өөрсдөө, тээж ирсэн залуу үе нь, тэвэрч үлдэх эх орон нь юм, тиймээс залуу үе, залуу хандлага, залуу үзэл бодлыг төр хийгээд түмэн олон нь хүлээж авагтун! Үр хүүхдээ хүлээн зөвшөөр, үүнээс илүү эх орон гэж үгүй...

Р.ЭМҮЖИН